Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Алтайн хүдэрчүүд - Алтайн хөгжилд” хөтөлбөр

Бид хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимээр дэгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжин ажилладаг. Үүний нэгэн тод жишээ нь Ажилгүйдлийг бууруулах, өрхийн тогтвортой орлого, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, бүтээлч, шинэлэг, байгаль экологид ээлтэй, шаардлага хангасан төсөлд дэмжлэг үзүүлэх, өрх толгойлсон болон амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой эмэгтэйчүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгуудыг өөртөө нэгтгэсэн “Алтайн Хүдэрчүүд – Алтайн хөгжилд” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд бид өнгөрсөн хугацаанд нийт 165.5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснээсээ товч дурьдвал:

  • 2011 онд Хоршооллыг дэмжих жилийн хүрээнд компаний санаачлагаар Говь-Алтай аймгийн Цээл сумын “Ихэр Таян”, “Суман Таян” хоршооны удирдлага, гишүүдийн бүх зардлыг нь дааж, Монгол улсын шилдэг хоршоод болох Улаанбаатар хот болон Төв аймаг, Ховд аймгийн 11 аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлуулав.Говь-Алтай аймгийн Цээл сумын “Ихэр Таян” хоршоог хүнсний худалдаа болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ бөөний үнээр худалдан авах, малын түүхий эдийг худалдан борлуулахад нь дэмжих зорилгоор 2008-2013 оны хооронд 35 удаагийн тээвэрлэлтийг нь бид компаний зардлаар 100% хийж гүйцэтгэн, дэмжлэг үзүүлсэн юм.Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 56.4 сая төгрөгийн өртөг бүхий “Норд бенз” маркийн хүнд даацын ачааны авто машиныг Цээл сумын “Суман Таян” хоршоонд үнэгүй хандивлав.
  • 2012 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын “Суман Таян” хоршооны үйл ажиллагааг дэмжихэд зориулж тус хоршооны үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 340 метр квадрат барилгын засвар үйлчилгээ, тоноглол, барилга угсралтын ажлуудыг хийхэд зориулан компаний зүгээс 10 сая төгрөгийн өртөгтэй ажлыг мэргэжлийн инженер ажилчдаар гүйцэтгүүлж тусламж үзүүлэв.
  • 2013 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд “Хүнсний ногооны тариалалтыг дэмжих” төслийг 65 сая төгрөгийн төсөвтэйгээр хэрэгжүүлэв.
    Говь-Алтай аймгийн Алтай сумын Хонхор загаас Алтай сум хүртэлх 90 км замыг нутгийн иргэдийн хүсэлтээр 8.7 сая төгрөгөөр хусаж сайжруулав.
  • 2014 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын төвийн хадан дэвсгэртэй зам, Цээл сумаас Уулын Баяжуулах Таяннуур Үйлдвэр хүртэлх хуучирч эвдэрсэн шороон замыг хусаж сайжруулав.