УУЛЫН БАЯЖУУЛАХ ТАЯННУУРЫН УУРХАЙ

          Алтайн Хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэйгээр 2009 оноос Уулын баяжуулах Таяннуурын уурхай /УБТНУ/-д олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.     

          УБТНУ-г үндэсний их дээд сургуулийг уул уурхайн баяжуулалт, металургийн чиглэлээр төгссөн инженер техникийн ажилтнууд удирдан ажиллуулж байна.

 

Баяжуулах үйлдвэр

          УБТНУ нь жилдээ 3 сая тонн төмрийн баяжмалыг хуурай соронзон аргаар баяжуулах хүчин чадалтай бөгөөд Англи улсын Терекс Пегсон компаний хөдөлгөөнт бутлалтын шугамыг ашиглаж байна. УБТНУ нь үйл ажиллагааныхаа явцад тасралтгүй хөгжүүлэлт хийж, баяжуулалтын зургаан үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар баяжуулах гурван үйлдвэр нь тасралтгүй ажиллаж байна.

Баяжуулах үйлдвэр нь төмрийн хүдрийг буталж, хуурай соронзон сеператорын аргаар баяжуулан, хамгийн бага ширхэглэгтэй, өндөр агуулга бүхий баяжмал гаргаж байгаагаараа бусад үйлдвэрүүдээс онцлогтой юм.

Мөн үйлдвэрийн хаягдлыг эргээд нойтон аргаар баяжуулан жилд 2,0 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх боломж байгаа нь хаягдалгүй технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх давуу талыг олгож байгаа болно.

УБТНУ-д зах зээлд өрсөлдөх чадвар бүхий өндөр чанарын баяжмал үйлдвэрлэн, экспортлохоор өрөмдлөг, тэсэлгээ, олборлолт баяжуулан тээвэрлэлт, хил гааль зэрэг шат дамжлага тус бүрээс бүтээгдэхүүний дээж авч шинжлэх орчин үеийн техник технологи бүхий лаборатори ажиллаж байна.

 

Уурхайн хотхон

          УБТНУ-н хотхон нь ажиллагсадынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг хангасан, 2100 метр квадрат 270 өрөө бүхий 24 цагийн халуун хүйтэн устай 800 хүн амьдрах сууц, оффисын зориулалттай 1500 метр квадрат 2 давхар барилга, 600 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай.

          Мөн тогтмол халуун ус дулуунаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, хими цэвэрлэгээ, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан кино театр, караоке өрөө, бялдаржуулах өрөө, номын сан, теннисний өрөө, сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн.

 

Авто зам

         Бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой чухал үүрэг бүхий, 168,34 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлээд одоогийн байдлаар 86 км 100 тонноос дээш даацын хатуу хучилттай замыг ашиглалтанд оруулсан бөгөөд хатуу хучилттай замын бүтээн байгуулалтыг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн гүйцээх болно.

Мөн 2018 онд УБТНУ-аас 5 км зайд жижиг оврын нисэх онгоцны хөөрөх, буух шороон зурвасыг ашиглалтад оруулан гэрээт компанийн онгоцыг хүлээн авч эхлээд байна.

 

Усан хангамж

          Уурхай болон бүс нутгийг усаар хангах судалгааг Монгол Улсын мэргэшсэн инженер техникийн ажилчид, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран 2008 оноос эхлүүлэн нийт 500 мянган метр хавтгай дөрвөлжин газар нутагт гидрогеологийн хайгуулын ажил явуулж, Ундны усны Бууртын худаг, техникийн ашиглалтын 15-р худгийг ашиглалтанд оруулж уурхай болон орон нутгийн ард иргэдийг усаар хангаж байна.

Цаашид гүний усны хайгуулыг үргэлжлүүлэн хиймэл нуур хийх төслийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Цахилгаан станц

          Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн уурхайн эрчим хүчний хэрэгцээг 100 хувь хангах, цаашлаад бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин 50 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц барих судалгааны ажлыг эхлүүлээд байна.

http://www.altainkhuder.mn