НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО
Өдгөө 1400 орчим ажилтан ажиллагсадыг эгнээндээ нэгтгэсэн, жилд дунджаар 24 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг, Монголын томоохон ажил олгогчдын нэг манай “Алтайн Хүдэр” компани эх орныхоо хөгжил, дэвшил, нийгэм, эдийн засгийн болон бүс нутгийн тогтвортой хөгжилд өөрсдийнхөө бодитой хувь нэмрийг оруулах, олон улсын зах зээлд Монголдоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэсэн өндөр чанарын төмрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд энэхүү зорилго тэмүүллийнхээ хүрээнд үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, олон улсын стандартыг мөрдлөг болгон ажилладаг юм.
Манай “Алтайн Хүдэр” компани өнгөрөгч жилүүдэд нийгмийн хариуцлагын ажлаа үндсэн 5 чиглэлээр явуулж ирсэн ба үүнд нийт 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд компани байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нөр их ажилдаа үндэсний компаниудаа дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж, бараа үйлчилгээг нь худалдан авахыг зорьж ирсэн юм. 2012 онд л гэхэд бид дотоодын 503 компаниас 102.5 тэрбум төгрөгний худалдан авалтыг хийсэн нь 17,000 гаруй дам ажлын байрыг бий болгосон байдаг.
Бид ажилтан ажиллагсадынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж ажилладгийн нэгэн тод жишээ нь өнгөрөгч 2008 – 2014 он хүртэлхи хугацаанд манай ажилтнуудын дундаж цалингийн хэмжээ 3.4 дахин өссөн явдал юм.
Монгол улсынхаа төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, шимтгэлийн нийт хуримтлалын дүн өнгөрсөн жилүүдэд 81 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаны бас нэгэн илэрхийлэл гэж бид үздэг юм. Үүнийг нийгмийн сайн сайхны төлөө цаг наргүй зүтгэн ажилладаг манай улсын эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын дундаж цалингаар дүйцүүлэн тооцоход 11.250 эмч мэргэжилтнүүдийн 1 жилийн цалинтай дүйж байна.
Манай компаний авч хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын бас нэгэн томоохон хэсэг болох хандив тусламжийн хүрээнд Говь-Алтай аймгийн оюутан залуусын боловсролыг дэмжих, орон нутгийн иргэдийн өвөлжилтийн бэлтгэл болон байгалийн гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн соёлын өвийг хамгаалах, байгаль хамгааллын хүрээнд олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.
Монголын төмрийн хүдрийн зах зээл дэх тэргүүлэх компаниудын нэг “Алтайн Хүдэр”-ийн хамт олон бид Монголоороо овоглосон шилдэг брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх өндөр чадамжтайгаар гаргах, хөдөлмөр, хүч, амжилт бүтээлийнхээ үр шимээрээ Монгол улсын тэргүүний татвар төлөгч болох, үйлдвэржсэн бүс нутгийн хөгжлийг цогцоор нь шийдээд зогсохгүй улс орныхоо хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагыг дээдлэн, Монголын шилдэг компани болох эрхэм дээд зорилгын төлөө урам зориг дүүрэн ажиллаж байна.